+976 11 350162, +976 11 353525 info@khel-irgenshil.edu.mn

Бидний тухай

Admin 14-12-2016, 07:46 3 455 Танилцуулга
Бидний тухай

ЧОЙ. ЛУВСАНЖАВЫН НЭРЭМЖИТ
ХЭЛ ИРГЭНШЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ


ХИДС-ийн эрхэм зорилго

Монголчуудын утга соёлын дэвшилтэт өв уламжлалыг орчин үеийн даяаршлын явцтай зөв зохистой уялдуулсны үндсэн дээр хэл, соёл иргэншлийн өндөр эрдэм боловсролтой, хариуцлага бүхий мэргэжилтэн төлөвшин хөгжих таатай орчин бүрдүүлэхийг эрмэлзэн, ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

Үйл ажиллагааны онцлог

Тус сургуулийн онцлог давуу тал нь Монголын утга соёлын үнэт өв болсон монгол бичгээр тулгуур хийж, монгол соёл судлалын суурь мэдлэгийг эзэмшүүлж англи, япон, хятад хэл судлалтай хослуулан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулж байгаад оршино. Монгол Улсын гавьяат багш Чой.Лувсанжавын нэрэмжит монгол уран бичгийн улсын уралдаан, Өвөрхангай аймагт монгол бичгийн бүсийн олимпиад, Г. Дашийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиад, монгол бичгийн сайхан бичигтний уралдаан, багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил тутам зохиож, “Эрдмийн хэлхээ”, “Эрдэм шинжилгээний бичиг” гэсэн судалгааны ном, цувралыг эрхлэн гаргадаг. Уран зохиол, яруу найрагт сонирхол авьяастай оюутны дунд дугуйлан хичээллүүлж, шалгарсан бүтээлээр нь “Дааганы уралдаан” ном хэвлүүлсэн.
Монгол зан үйлийг оюутнуудад таниулан мэдүүлж өвлүүлэх зорилгоор байгуулсан угсаатны зүйн танхимдаа “Цагаан сарын ёслол” үзүүлэх хичээл, зарим уламжлалт /тэмдэглэлт/ баяр ёслол болон оюутнуудын дунд зохиогддог “Шагайн тэмцээн”, “Зан үйлийн үзүүлэн тоглолт” зэрэг оюуны олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион явуулдаг уламжлалтай болсон.

Ховор нандин ном, судар сурвалжлан олж номын санд тусгай сан хөмрөг болгон цуглуулахаас гадна анги бүрт сонгодог монгол бичгийн дурсгалт бичвэр, уран сайхан бичиг, бичгийн соёлын тэргүүний эд зүйлсийг байрлуулж, төрөлжүүлэн сурталчилахад анхаардаг.

“Оюун түлхүүр”,“Огторгуйн маань”, “Хэлний чимэг” зэрэг хэл шинжлэлийн дурсгалт бичгүүдээр судар бүтээх ажлыг хийж хэвшсэн, цаашид судрын танхим байгуулахаар ажиллаж байгаа.
Тус сургуульд ном сургаалиа айлдсан нэрт эрдэмтдийн лекцийн “хуурцагийн сан”-аа баяжуулах, улмаар видео бичлэгтэй болохоор төлөвлөж байгаа болно.

Монгол улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургууль нь 19 жил монгол бичгийг суурь хичээл болгон монголын түүх, соёл, уламжлалт эрдэм ухаан, зан заншил, ёс зүй, шашин шүтлэг, утга зүй зэрэг монгол судлалын хичээлийг гадаад хэлний сургалттай хослуулан явуулж ирсний үндсэн дээр өөрийн гэсэн судалгаа, сургалт арга зүйн төв болж, монгол хэл бичиг, гадаад хэл судлалын мэргэжилтнийг бэлтгэн гаргаж байгаагаараа онцлогтой.
Вэбсайтыг хөгжүүлсэн "Tagtaa Solution" ХХК. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.2019он
Хайх